
Бэлтгэл бүлгийн жоохноо тун удахгүй ингэнэ гээд төсөөл дөө: 30 минутын турш төвлөрч сууна, 5 минут завсарлана, ийм байдлаар 4-5 хичээл үргэлжлүүлэн үзнэ. Тэгээд мэдээж гэрийн даалгавар хийж таарна. Зарим гялалзуур нөхөд даалгавраа цагийн дотор амжуулна. Харин ихэнх нь хоёр, гурван цаг сууна. Босож, сууж, гуйж, гувшиж, сүүлдээ загнаад өдөржин юм болдог хэсэг ч бий.
Хүүхдээ хувийн сургуульд оруулбал хичээл нь өглөө 8 цагт эхэлж, өдөр 2-3 цагийн үед тарна. Энэ хооронд ихэнхдээ л ширээний ард томоотой сууж, ном дэвтэртэй найзална. Хотын түгжрэлд сургуульд нь зөөх цагийг оруулж тооцвол бараг насанд хүрсэн хүний “ажлын өдөр”-тэй дүйцэх хөдөлмөр эрхэлнэ ээ гэсэн үг.
Бодит үнэнийг шулуухан хэлэхэд Монголын 1-р ангийн сургалтын хөтөлбөр – ачаалал маш их. Хичээл эхлээд ганцхан сарын дараа л үсгээ үзэж, бичмэлээр бичүүлж эхэлдэг. Зарим хувийн сургууль бэлтгэл хөтөлбөрийнхөө үед бүх үсгээ нүдлүүлж, эгшиг үсгээ элементээр бичүүлээд эхэлдэг. Учир нь 12 сард монгол үсэглэлийн баяраа, 5 сард англи үсэглэлийн баяраа хийх тул яарахаас аргагүй.
Гэхдээ энд нэг чухал асуулт байна: 6 настай хүүхэд үүнд бэлэн үү?
Мэдээж бэлтгэгдсэн хүүхэд байлгүй л яах вэ. Гэхдээ ангийн гуч, дөчин хүүхэд – бүгд өөр. Зан төлөв, сурах арга барил, бэлтгэл – бүгд ялгаатай. Түүнээс гадна хэдэн сард төрсөн нь хүртэл нөлөөлдөг. Жишээ нь 1 сард төрсөн хүүхэд 12 сард төрсөн хүүхдээс огт өөр байдаг. Нэг нь хөлд орж байхад нөгөө нь дөнгөж өлгийтэй байсан нөхөд шүү дээ. Бага насны хүүхдийн хувьд хэдхэн сарын зөрөө маш их мэдрэгддэг. Ялангуяа гарын жижиг булчингийн хөгжил, анхаарал төвлөрөл, бие даах, дасан зохицох, багшийн зааврыг ойлгох, дагаж мөрдөх, бусадтай харилцах гэх мэт
Тэгэхээр яах вэ?
Хариулт нь энгийн. Хүүхдээ сурагч болоход бэлэн эсэхийг зөв үнэлэх хэрэгтэй. Монголд орхигддог энэ чухал ойлголтыг тайлбарлахын тулд Чех улсын туршлагыг хуваалцъя.
Чухамдаа Чех бол 1-р ангид дөнгөж ормогц нь уншиж, бичихийг заадаг, ачаалал өндөр, зарим талаараа Монголтой төстэй цөөхөн орны нэг юм. Улсын сургуульд хүүхдийг хавар нь бүртгэдэг. Энэ үед хүүхэд болон эцэг эхтэй нь хамтдаа ярилцаж, сургуульд бэлэн байдлын үнэлгээ хийдэг. Зураг зуруулж, хөнгөн дасгал хийлгэнэ. Тухайн дасгалыг хэдэн минутын турш анхаарч, төвлөрч хийж байгааг нь ажиглана. Харандаагаа хэрхэн барьж байгаа, гарын жижиг булчингийн хөгжлийг нь анхаарна. Хэл ярианы хөгжил, тухайлбал багшийн зааврыг ойлгож байгаа эсэх, өөрийнхөө бодлыг бүтэн өгүүлбэрээр хэлж байгаа эсэхийг үнэлнэ. Бусад хүүхэдтэй яаж харилцаж, сэтгэл хөдлөлөө хэрхэн зохицуулж байгаа, мөн бие даасан байдлыг нь ажиглана.
Гол зорилго нь хүүхэд сургуулийн орчинд суралцахад бэлэн байгаа эсэхийг үнэлэх явдал юм. Хэрвээ тухайн хүүхдийг сургуульд ороход бэлэн биш гэж үзвэл дараа жил нь цэцэрлэгт явуулах юм уу, эсвэл сургуулийн бэлтгэл хөтөлбөрт нэг жил хамруулдаг. Энэ шийдвэрийг мэдээж эцэг эх, сургуулийн удирдлага, мэргэжлийн хүмүүс хамтран гаргадаг.
Чех хүүхдүүдийн 25-30 хувь нь жилийн дараа сургуульд ордог байна. Энэ бол Европын орнуудтай харьцуулахад нэлээд өндөр хувь юм. Гэхдээ үүнд учир шалтгаан бий. Европын ихэнх улсын 1-р ангийн сургалтын хөтөлбөр ачаалал багатай байдаг. Цөөнгүй улс орнууд эхний жилдээ хүүхдийн унших чадварт түлхүүтэй төвлөрч, дармалаар бичүүлдэг. Хичээлийн жилийн төгсгөлд үсгээ дөнгөж үзэж дуусах нь бий.
Ингээд харьцуулаад бодоход манай Монгол хүүхдүүд 1-р ангиасаа ачаалал ихтэй суралцаж байна. Маш олон хүүхэд ялангуяа монгол хэлний хичээлд сонирхолгүй болж, хоцрогдолд ордог нь бодит үнэн. 2025 онд шинэчлэн батлагдсан цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт дармал үсэг бичих агуулга орсон. Хүүхдийн ачаалал багасах бус, улам л нэмэгдэх нь...
Тэгэхээр бид өөрсдөө хүүхдээ ажиглах хэрэгтэй. Юу мэддэгийг нь шалгах бус, харин сурагч болоход бэлэн эсэхийг нь үнэлэх хэрэгтэй. Тэгээд шаардлагатай бэлтгэлээ сайтар базаах хэрэгтэй. Үгүй бол намар жинхэнэ уйлаан майлаан болно, тэсэлгүй загнаж зандарч эхэлнэ, тэгээд тун удахгүй – хичээлд дургүй болно.
Асуулт: Танай хүүхэд сургуульд ороход бэлэн үү?
Хүүхдээ хэрхэн үнэлж, яаж бэлдэх талаар дараа үргэлжлүүлэн ярилцъя.
EDDU | Дэлхийн боловсролыг багаасаа
Үүсгэн байгуулагч Б.Алтанзагас