
Нүүр номдоо тавьсан энэ асуултад нэг ээж чин сэтгэлээсээ хариулсан байв. Хүүхдээ багаас нь ухаантай шүү, сайн шүү, хичээдэг шүү гээд л магтаад байлаа. Одоо заримдаа болохгүй байгааг нь хэлэхээр “Би тийм биш ш дээ” гээд өөрийгөө өмөөрөөд, биеэ тоогоод байгаа санагддаг гэжээ.
Үүнд хамаатай байж болох нэгэн сургамжтай түүх хуваалцъя. Хоорондоо дэндүү ялгаатай хоёр хүүхдээ өөр хандлагаар магтдаг байжээ, нэг ээж. Бага нь бидний хэлдгээр толгой сайтай, ядаж цөхөх юмгүй хичээл номоо ойлгодог, бараг давтах шаардлагагүй сайн сурдаг байж. Өөрийн мэдэлгүй л хүүгээ мундаг шүү, ухаантай шүү, авьяастай шүү гээд л магтаад байдаг байв. Бахархал төрөөд байгаа хойно яалтай билээ. Ганцхан насаар ах том хүүтэйгээ бол хэчнээн зууралдаж хичээл номыг нь хийлгэнэ. Дүүтэй нь харьцуулах юм биш. Гэлээ гэхдээ ахыг нь яалаа гэж орхигдуулах билээ. Хичээл зүтгэл, оролдлогыг нь л урамшуулаад байдаг байв.
Хөвгүүдэд магтаал өөрөөр нөлөөлсөн юм. Бага хүү нь алдаа гаргах дургүй, жоохон ч гэсэн алдсан үедээ сэтгэлээр унадаг болжээ. Ухаантай, авьяастай тул юмыг буруу ойлгох, удаан сурах, алдах эрх байхгүй мэт. Энэ мэдрэмж хүүд тавгүй байдаг тул аль болох тухтай бүсдээ л байхыг хүснэ. Харин том хүү нь бэрхшээлээс эмээхгүй байв. Алдаа гаргасан ч гэсэн хичээл зүтгэлийг нь магтдаг байсан тул арга байж уу. Ах нь бага багаар ахиц гаргасаар байлаа. Энэ бүхэн ээжид нь нэгийг бодогдуулж, бага хүүгээ магтах хандлагаа өөрчлөхөд хүргэсэн юм.
Сонирхолтой нь үүнийг нотлон харуулсан судалгаа байдаг. Сэтгэл судлаачид бага ангийн хүүхдүүдийг магтаалд хэрхэн хариу үзүүлж байгааг нь ажиглажээ. Түвшин ойролцоо хүүхдүүд сонгож, дасгал хийлгэсэн бөгөөд жигдхэн үр дүн гарсан байв. Үүний дараа нэг хэсгийг нь зориуд “үнэхээр мундаг юм аа”, “үнэхээр ухаантай юм аа” хэмээн магтав. Харин нөгөө хэсгийг нь “шаргуу ажиллалаа”, “маш сайн хичээлээ” гэж арай өөр өнцгөөс магтжээ.
Үр дүнд нь юу болсон гэж санана? Хийх дасгалаа өөрөө сонгох боломж өгөхөд огт өөр хандлага гарчээ. “Ухаантай” гэж магтуулсан хүүхдүүд амархан дасгалыг сонгосон бол харин “хичээл зүтгэлтэй” гэгдсэн хэсэг нь хүндийг сонгожээ. Ялгаа нь зөвхөн үүгээр зогссонгүй.
Дараагийн удаа нэлээд хэцүү дасгал өгч, сорилтыг хэрхэн хүлээж авахыг нь ажиглав. Гэтэл “ухаантай”, “мундаг” гэж магтуулсан хэд маань итгэлээ амархан алдаж, сонирхол нь буурч, сорилтоос зайлсхийх хандлага гаргажээ. Тэр ч бүү хэл гүйцэтгэл нь өмнөхөөсөө буурсан байлаа. Харин “хичээл зүтгэлтэй” гэгдсэн хүүхдүүд хүчин чармайлт гаргаж, сорилтыг хавьгүй сайн давж, гүйцэтгэл нь улам сайжирсан байв. Ойролцоо л түвшинтэй хүүхдүүд шүү дээ, уг нь...
Эндээс нэг зүйл тодорхой харагдаж байна. Магтаал өөрөө асуудал биш. Харин ямар өнцгөөс магтаж байгаагаас бүх зүйл шалтгаалдаг. Бодууштай байгаа биз?
Ингэхэд бид яагаад хүүхдээ магтдаг юм бол?
Хүүхэд баярлахыг харах үнэхээр сайхан. “Хөөрхөн”, “ухаантай”, “мундаг” гэж хэлэхэд нүүр нь гэрэлтдэг. Тийм ч учраас бид энэ үгсийг дахин дахин хэлдэг. Ингэж хэлэх амархан, амнаас урсаад л гарна, бас бидний сэтгэлд ч таатай байдаг. Гэхдээ үүний цаана өөр нөлөө байж болохыг тэр бүр анзаардаггүй.
Бага нас, тодруулбал 5–7 нас бол хүүхдийн өөрийгөө ойлгож эхэлдэг хамгийн чухал үе. “Би ямар хүүхэд вэ?” гэсэн асуултад хариулж эхэлдэг үе гэсэн үг. Энэ үед бидний хэлсэн үгс хүүхдийн “би ямар хүүхэд вэ?” гэсэн ойлголтод нөлөөлж эхэлдэг.
Хүүхдээ магтах хэрэггүй гэсэн үг огтхон ч биш шүү. Мэдээж бид хүүхдээ магтахгүй байж чадахгүй. Бахархахгүй байх ч боломжгүй.
👉 Гагцхүү магтаалаа арай өөрөөр хэлэхэд л хангалттай. Жишээ нь:
- Чи өөрөө хийсэн үү? Сайн байна.
- Алдсан ч гэсэн дахин оролдсон байна.
- Өөрөөр хийж үзсэн байна шүү.
- Өмнөхөөсөө арай илүү болж байна шүү.
- Яаж ийм санаа олсон юм бэ?
Ийм үгс хүүхдийг өөртөө бус, хийж байгаа үйлдэлдээ төвлөрөхөд тусалдаг. Заримдаа магтахгүй байх нь харин ч тустай. Инээмсэглэл хайрлаж, толгойг нь илж болно. Хүүхэд өөрөө хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун байх боломжийг үлдээгээрэй.
Зөвхөн өөрийн хүүхэд гэлтгүй, хамаатныхаа, найзынхаа хүүхдүүдтэй харилцахдаа ч гэсэн үүнийг анзаарах хэрэгтэй. Ялангуяа бүсгүйчүүд маань ойрд уулзаагүй бяцхан гүнж нараа хараад өөрийн эрхгүй “ямар хөөрхөн, ямар ганган юм бэ” гэчихдэг талтай. Үүний оронд “уулзаагүй удсан байна, чамайг санасан байна шүү” гэх юм уу, магадгүй үнэхээр магтмаар байвал “өнгө нь гоё зохицож байна, чи өөрөө сонгосон уу? надад хувцсаа сонгоход туслах уу” гэж асуухад болно. Ингэвэл эгдүүтэй бяцхан охид маань “би ямар харагдаж байна вэ?” гэдгээс илүү “би яаж сонгосон бэ?” гэдэгтээ анхаарч эхэлдэг. Ялгаа нь мэдрэгдэж байна уу?
Өнөөдрөөс эхлээд магтаалын үгээ ажиглаж, хандлагаа өөрчлөөрэй. Хүүхдийнхээ оролдлого, ахиц дэвшлийг илүүтэй анзаардаг болоорой. Бага багаар дадал болгож чадна аа, амжилт!
EDDU | Дэлхийн боловсролыг багаасаа
Үүсгэн байгуулагч Б.Алтанзагас