
Тавхан настай ач хүүгээ хувийн сургуулийн элсэлтийн шалгалтад оруулахгүй гэж зүтгээд дийлсэнгүй, өвөө нь... Анх удаа шалгалт өгөөд “унасан” хүүгээ өрөвдөж нэлээд хямарсан бололтой, сошиалд сэтгэгдлээ хуваалцсан нь жинхэнэ утгаараа хандалт авсан байв. Ийм мэдрэмж олон ээж аав, эмээ өвөөд танил байх. Харин хамгийн чухал нь — тэр “шалгуулсан” бяцхан хүүхдэд ямар байсан бол?
Энд хувийн сургууль шалгалт авах нь зөв / буруу, эсвэл шалгалт нь шударга / шударга бус талаар огт ярих гэсэнгүй. Харин яагаад хүүхдээ улсын ч бай, хувийн ч бай, ер нь сургуульд бэлэн эсэхийг нь мэдэж, шаардлагатай бэлтгэлийг нь эртнээс хангах хэрэгтэй талаар хөндлөө.
Бодит үнэнийг шулуухан хэлэхэд: Монголын 1-р ангийн сургалтын хөтөлбөр – ачаалал маш их. Хичээл эхлээд ганцхан сарын дараа л үсгээ үзэж, бичмэлээр бичүүлж эхэлдэг. Зарим хувийн сургууль бэлтгэл хөтөлбөрийнхөө үед бүх үсгээ нүдлүүлж, эгшиг үсгээ элементээр бичүүлээд эхэлдэг. Учир нь 12 сард монгол үсэглэлийн баяраа, 5 сард англи үсэглэлийн баяраа хийх тул яарахаас аргагүй.
Гэхдээ энд нэг чухал асуулт байна: 6 настай хүүхэд үүнд бэлэн үү?
Таван настай хүүхдээ хэдхэн сарын дараа ингэнэ гээд төсөөл дөө: 30 минутын турш төвлөрч сууна, 5 минут завсарлана, ийм байдлаар 4-5 хичээл үргэлжлүүлэн үзнэ. Тэгээд мэдээж гэрийн даалгавар хийж таарна. Хувийн сургуулийн хичээл өглөө 8 цагт эхэлж, өдөр 2-3 цагийн үед тарна. Энэ хооронд ихэнхдээ л ширээний ард томоотой сууж, ном дэвтэртэй найзална. Хотын түгжрэлд сургуульд нь зөөх цагийг оруулж тооцвол бараг насанд хүрсэн хүний “ажлын өдөр”-тэй дүйцэх хөдөлмөр эрхэлнэ ээ гэсэн үг.
“Дэлгэц” үзэхээс бусад үед 10 минут ч томоотой суулгахад бэрх шүү дээ, гэтэл... Төсөөлөгдөж байна уу?
Мэдээж хүүхэд бүр адилгүй л дээ. 1-р ангийн хүүхэдтэй ээж, аавуудад сургалт хийх үедээ элементийн дэвтрийн тал нүүрийг харуулдаг юм. Тэгээд “танай хүүхэд энэ тал хуудсыг ямар хугацаанд бичих вэ” гээд асууна. Ямар олон ялгаатай хариулт ирдэг гэж санана. Зарим нь 20-30 минут л бичнэ гэнэ. Зарим нь “бөөн юм болно ш дээ” л гэнэ. Лав 2-3 цаг бичнэ ээ л гэнэ. Босож, сууж, гуйж, гувшиж, сүүлдээ загнаад өдөржин юм болно оо гэх хэсэг ч бий. Ангийн гуч, дөчин хүүхэд бүгд өөр түвшинтэй байдаг.
Энд хүүхдийн зан төлөв, сурах арга барилаас гадна хэдэн сард төрсөн нь ч гэсэн хамаатай. Жишээ нь 1 сард төрсөн хүүхэд 12 сард төрсөн хүүхдээс огт өөр байх нь мэдээж. Нэг нь хөлд орж байхад нөгөө нь дөнгөж өлгийтэй байсан нөхөд шүү дээ. Бага насны хүүхдийн хувьд хэдхэн сарын зөрөө маш их мэдрэгддэг. Ялангуяа гарын жижиг булчингийн хөгжил, анхаарал төвлөрөл, бие даах, дасан зохицох, багшийн зааврыг ойлгох, дагаж мөрдөх, бусадтай харилцах гэх мэт
Одоо эргээд “шалгалт”-ын талаар ярья. Магадгүй, ихэнх хувийн сургууль академик хөтөлбөртэй тул тэрхүү ачааллыг даах эсэхийг үнэлэхийг зорьдог болов уу.
“Шалгалт” гэдэг үг нь өөрөө оновчгүй юм. Сургуульд бэлэн байдлыг үнэлэх, эргээд түүнийгээ эцэг эх, хүүхдэд зөв ойлгуулах, сургуульд бэлдэхэд зөвлөх нь сурлагын амжилтад нэн чухал. Үүнийг тайлбарлахын тулд Чех улсын туршлагыг хуваалцъя.
Чухамдаа Чех бол 1-р ангид дөнгөж ормогц нь уншиж, бичихийг заадаг, ачаалал өндөр, зарим талаараа Монголтой төстэй цөөхөн орны нэг юм. Улсын сургуульд хүүхдийг хавар нь бүртгэдэг. Энэ үед хүүхэд болон эцэг эхтэй нь хамтдаа ярилцаж, сургуульд бэлэн байдлын үнэлгээ хийдэг. Зураг зуруулж, хөнгөн дасгал хийлгэнэ. Тухайн дасгалыг хэдэн минутын турш анхаарч, төвлөрч хийж байгааг нь ажиглана. Харандаагаа хэрхэн барьж байгаа, гарын жижиг булчингийн хөгжлийг нь анхаарна. Хэл ярианы хөгжил, тухайлбал багшийн зааврыг ойлгож байгаа эсэх, өөрийнхөө бодлыг бүтэн өгүүлбэрээр хэлж байгаа эсэхийг үнэлнэ. Бусад хүүхэдтэй яаж харилцаж, сэтгэл хөдлөлөө хэрхэн зохицуулж байгаа, мөн бие даасан байдлыг нь ажиглана.
Гол зорилго нь хүүхэд сургуулийн орчинд суралцахад бэлэн байгаа эсэхийг үнэлэх явдал юм. Хэрвээ тухайн хүүхдийг сургуульд ороход бэлэн биш гэж үзвэл дараа жил нь цэцэрлэгт явуулах юм уу, эсвэл сургуулийн бэлтгэл хөтөлбөрт нэг жил хамруулдаг. Энэ шийдвэрийг мэдээж эцэг эх, сургуулийн удирдлага, мэргэжлийн хүмүүс хамтран гаргадаг.
Чех хүүхдүүдийн 25-30 хувь нь жилийн дараа сургуульд ордог байна. Энэ бол Европын орнуудтай харьцуулахад нэлээд өндөр хувь юм. Гэхдээ үүнд учир шалтгаан бий. Европын ихэнх улсын 1-р ангийн сургалтын хөтөлбөр ачаалал багатай байдаг. Цөөнгүй улс орнууд эхний жилдээ хүүхдийн унших чадварт түлхүүтэй төвлөрч, дармалаар бичүүлдэг. Хичээлийн жилийн төгсгөлд үсгээ дөнгөж үзэж дуусах нь бий.
Ингээд харьцуулаад бодоход манай Монгол хүүхдүүд 1-р ангиасаа ачаалал ихтэй суралцаж байна. Маш олон хүүхэд ялангуяа монгол хэлний хичээлд сонирхолгүй болж, хоцрогдолд ордог нь бодит үнэн. 2025 онд шинэчлэн батлагдсан цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт дармал үсэг бичих агуулга орсон. Хүүхдийн ачаалал багасах бус, улам л нэмэгдэх нь...
Тэгэхээр хүүхдээ сургуульд ороход бэлэн эсэхийг нь өөрсдөө бодитоор үнэлж дүгнэх хэрэгтэй. Уралдаант шалгалтын талаар яриагүй шүү. Юу мэддэгийг нь шалгах бус, харин сурагч болоход бэлэн эсэхийг нь үнэлэх хэрэгтэй. Тэгээд шаардлагатай бэлтгэлээ сайтар базаах хэрэгтэй. Үгүй бол намар жинхэнэ уйлаан майлаан болно, тэсэлгүй загнаж зандарч эхэлнэ, тэгээд тун удахгүй – хичээлд дургүй болно.
Асуулт: Танай хүүхэд сургуульд ороход бэлэн үү?
Хүүхдээ хэрхэн үнэлж, яаж бэлдэх талаар дараа үргэлжлүүлэн ярилцъя.
Жич: Чех улсын туршлагын талаар дэлгэрүүлэн судалж, нийтлэл бичих санаа өгсөн хэрэглэгч @Erka Eegii танд баярлалаа. Амжилт хүсье!
EDDU | Дэлхийн боловсролыг багаасаа
Үүсгэн байгуулагч Б.Алтанзагас