
Сургуульд анх ороход хамгийн таалагдаагүй зүйл: хичээл тарахад чихэр өгдөггүй байлаа. Яагаад “чихэр” авмаар байсан гэж үү? Цэцэрлэгт орой бүр яг тарахын өмнө нэг чихэр өгдөг байсан нь жинхэнэ утгаараа зуршил болсон байв. Баавгайтай чихэр, Улаан малгайт л иддэг байсан санагддаг. Дандаа тийм тансаг чихэр өгнө гэж юу байх вэ дээ. Юм ховор байсныг ч хэлэх үү, тэр бол цэцэрлэгийн хамгийн гоё дурсамж минь... Мөн хамгийн гоё амттай мэдрэмж. Тэр үед “том болоод цэцэрлэгийн багш болно оо” гэж боддог байсан хүүхэд цөөнгүй байх аа.
Зиа тэгээд энэ мэдрэмж, дадал маань бидний тархинд гүн гэгч нь “бичигдсэн” болохыг нэлээд хожуу ойлголоо. Хүүхдээ цэцэрлэг, сургуульд өгч авахдаа байсхийгээд л чихэр авч өгдөг шалтгаан тодорхой болж байна уу? Нөгөө л жоохондоо авч байсан мэдрэмжээ хүүхэдтэйгээ хуваалцаж, хүүхдээ баярлуулж байгаа маань тэр. Ач, зээгээ цэцэрлэг, сургуульд нь зөөхдөө ундаа, чихрээр эрхлүүлдэг эмээ, өвөө нар мөн л дурсамж, мэдрэмждээ хүлэгдсэн байдаг биз ээ. Яваандаа өөр нэг давуу тал нь илэрнэ. Нойрмоглоод байгаа нөхөрт “замаараа дэлгүүр оръё” гэж аргалах үе байдаг л биз дээ? Нүд нь сэргээд л ирнэ. Яарсан үед аминд орно шүү дээ.
Удалгүй “гэрийн даалгавар” гэдэг том ачаа нэмэгдэх үед нөгөө чихэр маань хавьгүй чухал үүрэг гүйцэтгэж эхэлнэ. Даалгавраа сайн хийчихвэл чихэр өгнө, сайн дүн авбал чихэр өгнө гэх мэт... Хүүхдэдээ дандаа ундаа, чихэр өгнө гэж юу байх вэ дээ. Гэхдээ бургер, тахиа, пицца гээд өөр “орлуулах зүйлс” мундахгүй. Хамгийн хүчтэй арга бол гар утас. Цэцэрлэгтээ явах дургүй байвал “ирээд утсаа үзээрэй”, эмчид үзүүлэхгүй уйлаад байвал “утсаа үзээрэй”, даалгавраа хийх дургүй байвал “дараа нь утсаа үзээрэй”... Танил сонсогдож байна уу?
Нэг л мэдэхэд энэ шагнал маягийн зүйл энгийн дадал болох нь тэр. Амттан, түргэн хоол, дэлгэцийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг бус, харин тэр бүр яригддаггүй өөр нэг чухал өнцгийг энд дэлгэрүүлье. Ямар нэг “шагналын төлөө” суралцах дадалтай болсон хүүхэд явцын дунд сурах сонирхол нь буурах эрсдэлтэй. Зөвхөн хүүхдэд ч биш, томчуудад хүртэл шагнал ингэж нөлөөлдөг. Нэгэн сонирхолтой бөгөөд чухал судалгааны талаар хуваалцъя, ийм зүйл тохиолдож байсан эсэхийг бодоод үзээрэй.
Стэнфордын их сургуулийн сэтгэл судлаачид цэцэрлэгийн хүүхдүүдийг хамруулсан нэгэн туршилт хийсэн байдаг. Зураг зурах дуртай, өөрсдөө байнга л зурж байдаг хүүхдүүдийг сонгон авчээ. Тэгээд нэг хэсэгт нь “зураг зурвал шагнал өгнө” гэж урьдчилан хэлэв. Нөгөө хэсэгт нь шагналын талаар юу ч хэлсэнгүй. Ингээд хэсэг хугацаанд хүүхдүүдийг ажиглажээ.
Хачирхалтай нь шагналын талаар урьдчилан сонсож, зурах бүрдээ стикер, сертификат авч байсан хүүхдүүдийн сонирхол туршилтын дараа өөрчлөгдсөн байлаа. Учир юу гэвэл шагнал өгөхөө болиход өөрсдөө сайн дураараа зурах сонирхол нь буурсан байв. Харин ямар нэг шагнал урьдчилж хүлээгээгүй хүүхдүүдийн хувьд ийм өөрчлөлт ажиглагдаагүй байна.
Яагаад ийм зүйл болдог юм бол? Учир нь бид аливаа зүйлийг хоёр сэдлээр хийдэг. Нэг нь – дотроосоо дурлаж; харин нөгөө нь – ямар нэг үр дүнгийн төлөө хийдэг. Шагнал амлах үед бидний тархи тухайн үйлдлийг “үр дүнд хүрэх хэрэгсэл” гэж авч үздэг байна. Энэ үед дотоод сонирхол, сэдэлдээ бус, харин шагналд анхаарлаа төвлөрүүлж эхэлнэ. Аажмаар “би зураг зурах дуртай” гэдэг мэдрэмж нь “би шагнал авахын тулд зураг зурдаг” гэсэн ойлголтоор солигдсон хэрэг. Ингээд л шагнал байхгүй үед өмнөх шигээ идэвх, сонирхол төрөхгүй болсон санагдана.
Хэдүүлээ бүсгүйчүүдэд ойр нэг жишээ авъя. Баярын сезоны дараа турах аян эхлүүлдэг дээ. Эсвэл зүгээр л жингээ барихыг хүсэхийн зэрэгцээ хажуугаар нь дуртай амттанаа идмээр байдаг. Тэгээд дасгал, иога хийж эхэлнэ. Магадгүй хэдэн буудал газар алхана. Дасгалаа хийчихсэн юм чинь гээд нэг зүсэм бялуу, эсвэл латте кофе авч өөрийгөө баярлуулна. Нэг мэдсэн дасгал – амттан – дасгал – амттан гэсэн цикл эхэлнэ. Хэрвээ энэ үед өөрийгөө анзаарвал дасгалаа мэдэрч, дуртай хийхээсээ илүүтэй дараа нь авах шагналаа хүлээдэг болсон байна.
Сэтгэлээр унаж байна уу? Түр азнаарай! Өөрийгөө (эсвэл хүүхдээ) огт шагнаж болохгүй гэсэн үг биш юм шүү. Тун нь таарсан шагнал бидэнд мэдээж хэрэгтэй. Ялангуяа нэг их сонирхдоггүй зүйлээ хийж эхлэхэд мотив болно. Гэхдээ хийж байгаа зүйлдээ дотроосоо дурлаж, ахиц гаргаж байгаадаа баярлах нь хамгийн чухал юм. Ингэвэл урт хугацаанд үргэлжлэх дадал бий болно.
Зиа, одоо хүүхдэд шагнал яаж нөлөөлж болох талаар эргээд нэг харъя. Цэцэрлэг, сургуулиа тарахаар нь чихэр байнга өгнө гэдэг ямар сэдэл төрүүлж болох бол? Би хувьдаа цэцэрлэгт явах дургүй байсан. Нэг хэсэг 24-ийн буюу хонодог цэцэрлэгт явсан маань ч нөлөөлсөн байж магад. Хамгийн таатай ганц дурсамж бол тэр чихэр л байсан. Харин дээр дурдсан Стэнфордын судалгааны талаар унших үедээ тэр чихрийг жинхэнэ утгаараа “урьдчилж амласан шагнал” байсныг ойлгосон. Цэцэрлэгт өдрийг хөгжилтэй өнгөрүүлсэн ч тархи маань үүнийг “цэцэрлэг гэдэг ажлаа дууслаа, баяр хүргэе” гэх маягтай хүлээж авдаг байжээ. Түүгээр зогсохгүй, хүүхдээ ч ингэж шагнадаг болжээ.
Эхлээд толгойд маань эсэргүүцэл төрснийг нуух юун. Би харин ч хүүхдэдээ ундаа, чихэр бараг авч өгдөггүй. Байнгын шагнал бол биш байна аа. Аан гэхдээ бургер, пицца г.м, тэгээд дэлгэц үзэхийг нь оруулахаар, хммм... Үнэндээ шагнах маягтай ханддаг нь цөөнгүй ажээ. Ялангуяа даалгавар, дүнтэй холбоотой шагнал амлах нь бидний гэм биш зан. Даалгавраа хийсний дараа утас үзэж (pc тоглож) болно, улирлын дүн сайн гарвал халаасны мөн ахиухан өгнө, эсвэл нөгөө шалаад байгаа юмаа авхуулж болно г.м
Үүнд ямар шийдэл санал болгодог бол? Юуны өмнө хэмжээ, давтамжийг нь багасгахыг зөвлөдөг байна. Хамгийн гол нь ямар нэгэн зүйлтэй холбож, урьдчилж шагнал амлахгүй байхыг зорих хэрэгтэй. Шагналын төлөө сурах бус, харин сурч мэдэх, хөгжиж дэвших нь хүүхдэд өөрт нь таатай байх, үүнээсээ баяр хөөрийг мэдэрдэг байх хэрэгтэй. Энэ хандлагын өөрчлөлт мэдээж амаргүй. Гэхдээ бага багаар ахиц гарах болно оо, амжилт хүсье!
EDDU | Дэлхийн боловсролыг багаасаа
Үүсгэн байгуулагч Б.Алтанзагас