
Манай судалгаанд хамрагдсан ээж, аавуудын 80 хувь нь хүүхдийн сонсох, ярих, унших, бичих, сэтгэн бодох чадварыг бүгдийг нь жигд хөгжүүлэх хэрэгтэй гэжээ. Гэхдээ хүүхдийнхээ даалгаврыг хийлгэхдээ бид юунд нь илүү ач холбогдол өгдөг билээ? Энэ талаар ярилцъя.
Багш нь “Зургийг ажиглуулж, сайтар ярилцаарай. Тэгээд эхийг уншиж өгөөд, өөрийнх нь бодлыг асуугаарай. Шинэ үсгээ 2 мөр бичүүлээрэй” гэсэн даалгавар өгсөн гэж бодъё. Та энэ дарааллаар нь хийлгэх үү? Үгүй л болов уу. Бодит амьдрал дээр бидний ихэнх нь бичих даалгавраа хийхэд нь л түлхүүтэй анхаардаг. Цэвэр сайхан, алдаагүй, хурдан бичиж сургахыг хүсэхгүй хэн байх билээ? Үүнд бас учир бий.
Зургаахан настай хүүхэд анх бичиж сурна гэдэг жинхэнээсээ “амаргүй” даваа. Тэр тусмаа энгийн зурлагатай ханз ч биш, дармал ABC ч биш, кирилл үсгээ элементээр, үзэг салгахгүй, нарийн дэгийн дагуу цэвэр сайхан бичих ёстой шүү дээ, манай жоохнууд. Томчууд бид НАЙМАН настайдаа анх бичиж сурч байсан. Хөдөө гадаа гүйж харайдаг, дэлгэц үзнэ гэж байхгүй, гэрийн ажил хийдэг, бие бялдрын хөгжил огт өөр түвшинд байлаа. Гэсэн хэдий ч бидэнд хүртэл бичиж сурах тийм амар байгаагүй.
Заа тэгээд ээж, аав, эмээ, өвөө нар маань наана цаана нь орж, аргадаж, загнахдаа загнаж, хааяа бараг өөрөө өмнөөс нь бичнэ, ажил амьдрал өрнөнө. Ихэнх хүүхэд гарын жижиг булчин нь хөгжихтэй зэрэгцээд 2-р ангиа төгсөхдөө цээж бичиг, хуулан бичгээ давгүй сайн хийдэг болчихдог.
☝️☝️Гэхдээ энэ үед ЖИНХЭНЭ АСУУДАЛ ундардаг юм.
1-рт: Хүүхэд ер нь л 🙄бичих дургүй, сонирхолгүй болчихсон байдаг. Төвөгтэй, хэцүү, таагүй санагдсан зүйлийг “хийхгүй байя аа” гээд байдаг залхуу ТАРХИ гол буруутан нь... Тийм ч учраас баяр хөөргүй сурсан бүхэн мартагддаг гэдэг үг гарсан биз ээ.
2-рт: Өөрөө бодож зохион бичих, өөрийнхөө бодлыг бичих гэхээр ер болдоггүй. Гэтэл энэ бол бичгийн хамгийн чухал чадвар, бүх хичээлд, мөн амьдралд энэ л чадвар хэрэг болдог.
Тэгэхээр нөгөө “зураг ажиглуулж, ярилцах”, “уншиж өгөх”, “өөрийнх нь бодлыг асууж, ярилцах” даалгавар цаанаа л утга учиртай ажээ. Тийм ээ, амьдралд хамгийн чухал БИЧИХҮЙ-г хөгжүүлэхийн тулд сонсох, ярих, унших, сэтгэн бодох, мөн мэдээж алдаагүй, цэвэр бичих чадварыг багаас нь бүтээлчээр хослуулан хөгжүүлэх хэрэгтэй.
Б.Алтанзагас