
1-р ангидаа ямар нэгэн байдлаар сурлагын хоцрогдол гарвал цаашдын сурлагад нь сөрөг нөлөөтэй гэж манай судалгаанд хамрагдсан ээж, аавуудын 85% нь үзжээ. Энэ бол олон улсын судалгаагаар батлагдсан бодит үнэн.
Тэгвэл хэрхэн эхнээс нь хоцрогдол үүсгэхгүй байх вэ? Ингэхэд хүүхэд бүр сурах хүсэл эрмэлзлээ алдахгүй, өөртөө тохирсон арга зүйгээр сайн суралцах боломжтой юу?
Юуны өмнө сурах арга барилын талаар дэлгэрүүлье. Аливаа хүн сонсож, уншсан (бичсэн) зүйлийнхээ 20%-ийг тогтоодог. Харин өөрөө бодитоор харж, олон янзын сонирхолтой арга хослуулан - бүтээлч үйл хийхэд 70%, мэдлэгээ хэрэглэж, бусадтай хуваалцах үед 90% эзэмшдэг байна.
Тэгэхээр хүүхэд жишээ нь физикийн номоо уншиж, дасгал хийж, бодлого бодох үед тухайн агуулгын 20-30 хувийг ойлгож, сурч мэднэ гэсэн үг. Харин туршилтын тайлбартай видео хичээл үзээд, өөрөө тэрхүү туршилтыг бодитоор хийж, алдаж онож, ойлгож мэдрэх, олж авсан мэдлэг туршлагаа хуваалцах үед агуулгаа 3-4 дахин сайн эзэмшдэг байх нь... Учир нь энэ үед хүүхдийн тархи жинхэнээсээ янзтай ажиллаж, бүтээлчээр хөгждөг.
Одоо “хоцрогдол” гэдэг ойлголтоо эргэн нэг ярья. Монголын 15 настай сурагчдын унших, бичих чадвар дэлхийн хүүхдүүдээс 5 жилээр хоцрогдолтой байна гэж олон улсын PISA судалгаагаар гарсан. Сурагчид маань бүгд эх хэлээрээ уншиж, бичиж чадна. Гагцхүү өмнөх нийтлэлд дурдсан “ойлгож унших”, “өөрийнхөө бодлыг илэрхийлж бичих” чадвар нь ердөө 10 настай хүүхдийн түвшинд байгаа ажээ. Харамсалтай нь энэ бол сурлага, ажил, амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх маш ноцтой асуудал юм.
Энэ бол жинхэнэ хоцрогдол. Гэхдээ буруутан нь 40, 50, 60 хүүхэдтэй ангид аль чадлаараа ажиллаж байгаа багш нар лав биш. Хорь, гуч, дөчин жилийн өмнө өөрсдөө уламжлалт аргаар уншиж бичиж сурсан, орчин цагийн боловсролын талаар сайн мэдэхгүй ээж, аав, эмээ, өвөө нар маань ч буруугүй. Боловсролын реформ хийж чадахгүй байгаа “буруутан”-г хайж болох хэдий ч “хүлээж суух” цаг хугацаа бидний хүүхдүүдэд байхгүй. Тэдэнд алдаж болохгүй нэг жил л байгаа.
Асуудлыг шийдэх боломж бол мэдээж бий, гаргалгаа эрж хайх хэрэгтэй. Эх хэл ба сэтгэлгээг 70, 80, 90% хүртэл сурч эзэмших тийм л арга зүйгээр хөгжүүлэх шаардлагатай. Алдаж болохгүй зөв цаг үе нь яг өнөөдөр юм. Гагцхүү бүгд оролцох, хамтдаа суралцах, бодит үйлдэл хийх, нэг нэгнээ дэмжих хэрэгтэй.
Хүүхэд бүр баяр хөөртэй, бүтээлчээр, сайн суралцаж чадна. Тэд маань “ядрах”, “залхах”, “хоцрогдох” гэдгийг мэдрэх учиргүй.
Б.Алтанзагас
“Дэлхийн боловсролыг багаасаа” төвийн үүсгэн байгуулагч