СУУЛГАЖ СУРГАМААР БАЙНА УУ?

СУУЛГАЖ СУРГАМААР БАЙНА УУ?

  • 2024-11-22 07:52

Анхаарал нь төвлөрөхгүй юм, даалгавар хийлгэх гэж ДАЙН болж байна, яаж сууж сургах вэ? Өрөмний өт шиг насан дээрээ байгаа амьтдыг нээрэн яалтай билээ, хэ хэ хэ...


ЯАГААД СУУЖ ӨГӨХГҮЙ байгааг нь мэдэх сонжоо маягийн юм эхлээд хийе. Ердийн л нэг өдрийн талаар бодоод үзээрэй. Яг нэг өдрийг сонгоод бодвол илүү үр дүнтэй. Жишээ нь өчигдөр ердийн л нэг ажлын өдөр байсан. Хэр удаан жижиг дэлгэц үзүүллээ? TikTok, Short, Reels гээд богино контент үзүүлсэн үү? Чихэрлэг юм идүүлсэн үү? Ундаа, жүүс, корн, чокопай, чипс г.м. Дасгал хийсэн билүү, тэр нөхөр? Хэдэн аяга ус уулаа? Түргэн хоол биш, харин гэрийн хоолоо идсэн үү? Агаар салхинд хэдэн минут гарлаа? Орой хэдэн цагт орондоо орсон билээ?


Зиа, таалагдахгүй байж магад, гэхдээ: СУУЖ ӨГӨХГҮЙ, төвлөрөхгүй байвал хүүхдийнхээ тархийг амрааж, анхаарлыг төвлөрүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн билүү гэж өөрөөсөө асуугаарай.

Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг хүүхдүүд суралцах үедээ илүү анхаарал нь төвлөрч, “суух” чадвартай байдаг гэж Pediatrics сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд өгүүлжээ. Дэлхийд хамгийн аз жаргалтай, бас хамгийн өндөр сурлагын амжилт гаргадаг Финланд хүүхдүүд 7 настайдаа сургуульд ордог. Цэцэрлэгийн хөтөлбөрт нь “удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суулгахыг хориглоно” гэдэг өгүүлбэр байдаг. Нээрэн гэм... 


TikTok, Reels-т гэртээ хүүхэдтэйгээ хийж болох дасгалууд зөндөө таардаг даа? Утсаа тавиад, тийм дасгал хүүхэдтэйгээ хийгээрэй. Саяхан олон улсын хурлын илтгэлүүд сонсож байлаа. Анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэгийн (ADHD) мэргэжилтнүүдийн хурал байсан юм. YouTube, Tik Tok үзүүлэхгүй, чихэр идүүлэхээ больж, өдөрт 1 цаг идэвхтэй хөдөлгөөн хийлгэдэг болгоход ГАНЦХАН сарын дараа л гэхэд үр дүн нь гарч, ихэнх хүүхдэд эмийн эмчилгээ шаардлагагүй болсон гэнэ.


Хүүхдэдээ 15 секундын богино контент үзүүлнэ ээ гэдэг = ХИЧЭЭЛЭЭ БИТГИЙ АНХААР гэхтэй агаар нэг шүү, манайхаан!


Аан тэгээд чихэрлэг юм идүүлж байгаа бол ХОР л болно: дэлгэцтэй яг адилхан донтуулдаг, тархины мангаа, анхаарал төвлөрлийн дайсан. Уг нь цаашаа зөндөө л юм бичмээр байна, гэхдээ урт нийтлэл уншихгүй болохоор өндөрлөе. Хүүхэд бүр сайн сурч чадна. Амжилт!


Б.Алтанзагас

“Дэлхийн боловсролыг багаасаа” төвийн үүсгэн байгуулагч

2026 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.