
Ангидаа юу ч хийхгүй, үсгээ нүдлэхгүй, яаж бичихээ мэдэхгүй, дэвтрээ ч бараг нээхгүй ирэх юм, яах вэ? Гэртээ зааж өгөхөөр зүв зүгээр үсгээ тогтоогоод, бичээд байх юм. Эцэг эхийн группт нэг ээж ингэж асуужээ. Доор нь янз бүрийн л коммент зөвлөгөө харагдав. Шуугианд дургүй хүүхэд байдаг, ангидаа сатаараад байгаа байх, хаана суудаг вэ гээд л...
Саяхан нэг хичээлд сууж байлаа. Нээлттэй хичээл болохоор хүүхдүүд чимээ шуугиангүй, багшийн асуултад яс тас хариулаад л, оролцоод л... Гэхдээ зургаан настнууд л юм болохоор арваад минутын дараагаас эхлээд тэвчээр нь эхнээсээ алдагдаад ирэх юм. Сэмхэн ийш тийшээ хараад л, байн байн хойшоо эргээд л, юугаа хийж яваам бол гэсэн аятай биднийг ажиглаад л... Сүүлчийн цаг болохоор багшийн дуу яалт ч үгүй суларчээ. Бүгд чимээгүй байхад л хойно сулхан сонсогдоно. Болдогсон бол мик бариулчихмаар санагдана. Хичээлд суух болгонд, хичээл заах болгонд байнга ингэж бодогддог. Томчуудад хүртэл сургалт хийхдээ хойно сонсогдохоор чанга ярих гэж үзсээр байтал хоолой удахгүй таг болдог хойно...
За тэгээд багш маань сэдэлжүүлэх асуултууд асууж, ярьж ярьж байгаад самбарт үсгээ бичихээр бэлдэж элементийн дэвтрийн зураасаа зурж эхлэв. Жоохон далий болчих юм, тэгээд засаж зурна. Хүн л болсон хойно яаж самбарт хэвлэсэн юм шиг зурах вээ дээ... Зориуд өдөр тутмын бодит хичээлийг ажиглах гэж телевиз, проекторгүй байдаг л нэг ангийг сонгосон юм. Манайхан нээлттэй хичээл хийх болохоор л аль байгаа аятайхан тохижилттой, ухаалаг самбартай ангиа сонгодог шүү дээ. Амьдрал дээр сургуулийн арван ангийн хоёр гурав нь л асуудалгүй ажилладаг проектор, телевизтэй. Заа тэр ч яахав...
Ингээд зурлагаа тайлбарлаж ярьсаар л үсгээ бичлээ. Урагшаа хараад сууж байгаа нөхдийн ихэнх нь толгойдоо шаал өөр юм бодож байгаа нь илэрхий, харц нь ийш тийшээ гүйгээд л... Minecraft, YouTube, Tik Tok нь л эргэлдэж байдаг байх даа тэр толгойд нь, ха ха ха... Яг анхаарч байгаа нөхөд бол шууд ялгарна. Толгойгоо баруун зүүн тийш болгон аль нэг булангаар харчих гээд үзэж алдаж байгаа хэрэг. Урдуур нь суугаа нөхдийн хажуугаар харчихмаар байдаг, тэгээд болж өгвөл багшийг нэвтлээд... үсгийн зурлагаа хармаар байгаа хэрэг... Хүн чинь эгц зогсож байгаад л бичиж таарна шүү дээ, ямар хоёр метр урт гартай биш. Хммм, өдий олон жил болоход аятайхан үзүүлэн нтр хийгээд, хэдэн багшдаа тараачхаж чаддаггүй ийм ч байх гэж... Заа тэгээд үзүүлэнтэй байсан байлаа гэхэд нөгөө дөчин нөхрийн анхаарлыг хичээлийн турш татаж, төвлөрүүлнэ гэдэг илбэчинд ч гэсэн ахадсан даалгавар юм болов уу...
Ямартаа ч хүүхэд нэгдүгээр ангид орно оо гэдэг та ч гэсэн нэгдүгээр ангид орлоо гэсэн үг. Таны хүчин чармайлтаас хүүхдийн сурлагын амжилт шууд хамаарна шүү. Жоохнууддаа цаг гаргаарай!
Б.Алтанзагас
“Дэлхийн боловсролыг багаасаа” төвийн үүсгэн байгуулагч